Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн суурь тавигдаад байна
Монгол Улсын эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг аж үйлдвэрийн салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар болгохын тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг энэ оны зургадугаар сард баталсан. Харин одоо энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үндсэн суурь тавигдаад байна. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа юм. Харин одоо стратеги, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг Аж үйлдвэрийн сайд батлах ажил үлдэж байна. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнээс харвал эхний ээлжинд үйлдвэрлэл, худалдаа эрхлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх асуудал байгаа ажээ. Энэ хүрээнд худалдааны тухай хуулийг УИХ-ын намрын чуулганы хугацаанд өргөн барихаар төлөвлөж байна. Мөн Үйлдвэр, Технологийн тухай, Концессийн тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай зэрэг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн хэд хэдэн хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа болохыг Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байршилд зохистой төвлөрүүлэх үүднээс аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бүсийг тодорхойлж, батлуулах ажил хүлээгдэж байна. Энэ хүрээнд үйлдвэржилтийн газрын зургийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх хүлээлттэй байгаа юм. Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр үйлдвэржилтийн 27 бүстэй байхаар төлөвлөж байгаа ажээ. Мөн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулж, батлуулах, үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн төв байгуулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр байгаа гэж Аж үйлдвэрийн яамнаас мөн мэдээллээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com