Түүхий эдүүдийн үнэ өсөж, “Bloomberg Commodity Spot Index” сүүлийн 8 жилийн дээд түвшинд хүрэв
Түүхий эдүүдийн үнэ өсөж, “Bloomberg Commodity Spot Index” сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрсэн байна. Улс орнууд эдийн засгаа дэмжих нэмэлт төсөв баталж, бодлогын хүүгээ бууруулж байна.
Энэ нь түүхий эдүүдийн эрэлтийн төлөвт эергээр нөлөөлж байгаагаас гадна ам.долларын ханш суларч, инфляц өснө гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм. 23 нэрийн түүхий эдийн үнийн хөдөлгөөнийг нэгтгэн тооцдог “Bloomberg Commodity Spot Index” даваа гарагт 1.6 хувиар өсөж, 2013 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн байна. Энэхүү индекс нь өнгөрсөн оны гуравдугаар сард доод хэмжээндээ хүрснээс хойш нийтдээ 67 хувиар өсөөд байгаа аж. Индексийн өсөлтөд зэсийн үнэ сүүлийн есөн жилд анх удаа 9000 ам.доллар давсан нь голлон нөлөөлсөн байна. Нийлүүлэлт хумигдаж байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ өссөн нь мөн нөлөөлжээ.
“Зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй болсноор түүхий эдүүдийн үнэ өсөж байна. Өсөлт үргэлжлэх төлөвтэй" гэж “TD Securities”-ийн шинжээч онцолжээ.
Харин “JPMorgan”-ийн шинжээчид түүхий эдийн үнийн дараагийн суперцикл аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдээд байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд нийтдээ дөрвөн удаа түүхий эдийн үнийн суперцикл болж байсан юм.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчинд шилжих, автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай металлуудын эрэлт өсөж байгаа нь үнэд дэмжлэг болж байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com