Түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлнэ гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байна
Дэлхийн эдийн засаг сэргэж, улс орнууд эдийн засгаа дэмжих төсөв, Мөнгөний бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн нийлүүлэлт тааруу байгаатай холбоотойгоор түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхлэх нь гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудаас хоёр нь ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүллээ. “Glencore” компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаа мэдэгдсэний дараа хувьцааных нь ханш сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрээд байна.
Мөн “BHP Group” дээд хэмжээний ногдол ашиг тараагаад байна. Цар тахлын улмаас хямралд ороод байсан эдийн засаг сэргэж эхэлснээр түүхий эдүүдийн үнэ эрчимтэй өсөж байгаа юм. Үүнд улс орнуудын Засгийн газрын баталж буй нэмэлт төсөв, Төв банкнуудын эдийн засгаа дэмжих арга хэмжээ нөлөөлж байна.
Зэсийн үнэ мягмар гарагт сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрч, тонн нь 8400 ам.доллар давлаа. Үүний зэрэгцээ цагаан алт, тугалганы үнэ ч мөн дээд түвшиндээ хүрээд байна. Зэсийн үнэ ойрын хугацаанд тонн нь 10 мянган ам.доллар давна гэж “Citigroup”-ийн шинжээчид тооцоолжээ. Мөн зэс болон хөнгөн цагааны суперцикл эхлэх бодитой төлөв харагдаж байна гэж үзсэн байна.
Харин “JPMorgan”-ийн шинжээчид "Шинэ суперцикл аль хэдийн эхэлсэн" гэж мэдэгдээд байгаа юм. Металлуудын хувьд суперцикл эхлэх ч газрын тосны үнийн өсөлт тогтворгүй байх төлөвтэй гэдгийг “Citigroup” онцолсон байна. Ирэх жилүүдэд цахилгаан автомашины хэрэглээ өсөж, түлшний эрэлт буурснаар газрын тосны үнэ буурах магадлалтай гэж үзэж байна.
Түүнчлэн "БНХАУ-д металлуудын эрэлт өндөр байгаа ч суперцикл эхлэх эсэх нь АНУ-д дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх шинэ бодлого хэрэгжүүлэх эсэхээс хамаарна" гэж “Glencore”-ийн Гүйцэтгэх захирал онцолжээ.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com