ТЦА: Бүртгэлтэй байгаа автомашины 57.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй
Монгол Улсад импортоор орж ирж байгаа автомашины 90 орчим хувь нь баруун талдаа хүрдтэй байгааг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Харин УИХ-д өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгасан байгаа юм.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй байгаа автомашины 57.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байгааг Тээврийн цагдаагийн алба мэдээлж байв. Энэ мэтчилэн замын түгжрэлийг бууруулахаар хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж байна. Тухайлбал: дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн бариад байгаа ч энэ нь дунд болон урт хугацаандаа замын ачааллыг хоёр дахин нэмэх эрсдэлтэйг Зам, Тээврийн хөгжлийн яамны Ахлах мэргэжилтэн С.Нэргүйбаатар мэдээллээ.
Зам, Тээврийн хөгжлийн яамны Ахлах мэргэжилтэн С.Нэргүйбаатар
Замын түгжрэлийг бууруулах гаднын жишгийг харвал, Их Британид 150 сая ам.долларын өртгөөр авто замын ухаалаг системийг хоёр жилийн дотор нэвтрүүлсэн байна. Хэрэв уламжлалт аргаар буюу замыг өргөтгөх ажил хийсэн бол ижил хэмжээний үр дүнд хүрэхэд 10 жил зарцуулж, нийт өртөг нь 800 сая ам.доллар давах байсныг “McKinsey Global Institute” судалгаагаар харуулжээ.
Нөгөөтэйгөөр авто замын гэрлийн дохиог замын ачаалалд тааруулан ухаалгаар тохируулах шийдлийг Их Британийн “Institution of Engineering and Technology” танилцуулсан байна. Энэхүү технологийн ашиг ба өртгийн харьцаа 40 байдаг бол замын өргөтгөл ердөө гурав байгаа ажээ.
Судалгаанаас харахад энэ шийдэл нь замын ачаалалд зарцуулах хугацааг 42 хувь, зам тээврийн ослыг 30 хувиар тус тус бууруулсан байна. Мөн ухаалаг авто замын системээр Япон, БНСУ, Сингапур тэргүүлж байгааг “Information Technology and Innovation Foundation”-ийн судалгаа харуулжээ. Эдгээр улс туршилт, судалгаа, стандарт хөгжүүлэхэд илүү ихээр хөрөнгө оруулдаг байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com