Токиогийн Олимпын наадмыг үзэгчидтэй зохион байгуулахыг зорьж байна
Олон Улсын Олимпын Хороо болон Япон улс хамтран Токиогийн Олимпын наадмыг үзэгчтэй зохион байгуулахыг зорьж, үүнд шаардагдах аюулгүй байдлын арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2020 онд товлогдоод байсан Зуны Олимпын наадам “COVID-19” цар тахлын улмаас 2021 оны долоодугаар сард эхлэхээр болж хойшлогдсон юм. XIX зуунд орчин үеийн Олимпын наадам зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш товлосон хугацаанд зохион байгуулагдаж чадалгүй хойшлогдсон анхны тохиолдол болсон юм.
Өмнө нь хийсэн тооцоогоор Токиогийн наадамд 11 мянга гаруй тамирчин, 600 мянга орчим гадаадын иргэд ирэх ёстой. Ирэх оны зун гэхэд шинэ төрлийн “коронавирус”-ийн эсрэг вакцин хэрэглээнд нэвтэрсэн байвал тамирчид болон үзэгчдийг Токиод ирэхээс өмнө вакцинжуулалтад хамруулсан байх зорилго тавин Олон Улсын Олимпын Хороо ажиллаж байгаа юм байна. Тус хороо үүнд шаардагдах санхүүжилтийн тодорхой хэсгийг хариуцана гэдгээ мөн хэллээ.
Хэдий тийм боловч Олимпын наадамд оролцогчдод заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй юм байна. Наадмын үзэгчид тэмцээн, уралдаан болох цэнгэлдэхүүдэд цуглахад аюулгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com