Токиогийн Олимпын наадмыг гадаадын үзэгчгүй зохион байгуулна
Токиогийн зуны Олимпын наадмыг гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулахаар боллоо. Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо, Олон Улсын Олимпын Хороо, Япон улсын Засгийн газар зэрэг таван талт уулзалтын үр дүнд гаднаас үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ.
Тасалбар худалдан авсан гадаадын иргэдэд төлбөрийг буцаан олгох юм байна. Харин дотоодоос хэчнээн үзэгчийг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. “Sankei” сонины мэдээлснээр цэнгэлдэхийн 50 хүртэлх хувь гэж тооцоолж байгаа аж. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлох шийдвэр гарахаас өмнө Токиогийн Олимпыг 600 мянга гаруй гаднын үзэгч үзэж сонирхоно гэсэн тооцоолол гараад байсан юм.
Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар тасалбарын борлуулалт 90 тэрбум иен хүрч, нийт орлогын 12 хувийг бүрдүүлнэ гэж тооцоолж байжээ. Олимпын наадмын үеэр тамирчин, шүүгч, хэвлэлийн байгууллагын болон бусад албаны хүмүүст вакцинд хамрагдсан байх, эсвэл тусгаарлах шаардлага тавихгүй байхаар шийдвэрлэсэн байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan18
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com