Технологи ба зайнаас ажиллах шаардлага
Цар тахлын үед ажилтнууд зайнаас ажиллаж эхэлснээр байгууллагууд ажилтнуудын хамтын ажиллагааг хангах платформын хэрэглээ нэмэгдсэн байна.
Энэ чиглэлд тэргүүлэгчдийн нэг “Microsoft” компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла "Энэ төрлийн платформ ирэх арван жилд хурдтай хөгжинө" гэж үзэж буйгаа онцоллоо.
Цар тахлын нөхцөл байдал намжиж, иргэд ажил, сургуульдаа эргэн явж эхэлсэн ч компьютерын эрэлт үргэлжлэн өсөхөөр байгааг “HP” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна. Тэр дундаа зөөврийн компьютерын эрэлт зах зээл тэлэхэд нөлөөлөхөөр байгаа юм.
Харин “Dell” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал "Зөөврийн компьютер шаардлагатай сая сая сурагч байгаагаас гадна эргэн нээгдэж байгаа компаниуд хуучин суурин компьютерүүдээ шинэчлэх шаардлагатай байгаа"-г онцолжээ.
Цар тахлын дараа санхүүгийн менежмент, арилжааны ажилтнууд зэрэг олон мэргэжлийн хүн оффисоос ажилласан хэвээр байх төлөв харагдаж байна. Хэдий тийм боловч долоо хоногоор ээлжлэх, эсвэл долоо хоногийн зарим өдрүүдэд гэрээс ажиллах хандлагатай байгааг "JPMorgan Chase"-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон мэдэгдсэн юм.
“Microsoft”-ийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла
“Ажилтнуудын оролцоо, хөгжил, хамтын ажиллагаа, ажиллах тав тух бүгдийг нэгтгэснээрээ VIVA платформ онцлог. “Microsoft 365”-ийн хөгжүүлэлтийг эргэн харвал бид одоо шинэ категорийг үүсгэж байна. Бид эхлээд хувь хүмүүст чиглэсэн хэрэгслүүдийг гаргасан бол улмаар хамтын ажиллагааны платформ болж хөгжсөн. Харин одоо бүтээлч байдлыг явцуугаар бүтээмж гэж бодох биш харин ажилчдын хөгжил, тав тух, хамтын ажиллагааг бүгдийг нь хамруулан цогц байдлаар авч үзсэнээр ажилтнуудын туршлагад шинэ орон зайг бүрдүүлж байгаа юм” гэж онцлов.
“JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон
“"Zoom”-ийн ертөнцөд маш том сул талууд бий. Бидний ихэнх нь үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцах, асуудлыг хэрхэн зохицуулахыг биечлэн оролцож, үзэж харж, дадлагажих, дагалдах маягаар сурсан. Тэр соёл, төлөвшил, өөр олон зүйлийг суулгана гэдэг хэцүү зүйл. “Zoom”-ээр бол энэ бүгд зэрэгцээд эхэлнэ. Аль нь ч үлдэхгүй. Зохицуулахад төвөгтэй. Дэлгэц дээр 15 хүн гараад ирчихээр эгзэгтэй асуудал хэлэлцэхэд хэцүү гэдгийг ойлгож байгаа байх. Нарийн асуудал ярих гэхээр бага зэрэг бүдүүлэг ойлгогдож ч мэднэ” гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс
“Дэлхийн банкнаас ихэнх ажилтнуудаа зөөврийн компьютероор хангасан нь тун сайн хэрэг болсон. Ажилтнууд маань ч гэрээсээ маш үр дүнтэй ажилласан. Үнэнийг хэлэхэд бидэнд тулгарсан асуудлуудын нэг гэвэл ажилтнууд илүү шаргуу ажиллаж байсан. Учир нь үргэлж л интернэтэд, бараг долоо хоногийн 24 цагт интернэтэд байна, утас дуугарна, и-мэйл ирнэ, захирал гэнэт тайлан ч юм уу мэдээлэл авах хэрэг гарна. Бид үүнийг шийдэхээр гэрээсээ ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын цагаа өөрсдөө тохируулдаг болгохыг хичээж байгаа” гэж онцоллоо.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com