Телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд шилжүүлж дуусав
Монгол Улсын есөн аймгийн 141 сум өргөн нэвтрүүлгийн аналоги системээс тоон системд бүрэн шилжсэн гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул зэрэг есөн аймгийн нийт 141 сумд болон Улаанбаатар хотын Багануур, Налайх, Багахангай, Гачуурт, Бэлх, Чингэлтэй, Телевизийн төв станц, Өлзийт, Био комбинат, Төмөр замын 61-ийн гарам, Партизан, Баянхошуу зэрэг газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын иж бүрдэл, ажиллагааны чанар байдлыг шалган, орон нутгийн хамрах хүрээг хэмжин тодорхойлжээ. Түүнчлэн аймгийн төвүүдэд суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцад төрөөс дамжуулах зургаан телевизийн сувгаас гадна, туршилтаар хоёр телевизийн сувгийг нэмж, дамжуулах туршилтыг хийсэн байна. Мөн телевизийн нэвтрүүлэх станц тус бүрийн хувьд тухайн сум суурингийн захын цэгүүдэд очиж тоон телевизийн сигналын тархалт хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хянан хэмжилтийг хийж гүйцэтгэжээ. Хэмжилтийн дүнгээр хангалтгүй үзүүлэлттэй гарсан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд тоон телевизийн нэвтрүүлэх станцын байрлалыг өөрчлөн үүрэн холбооны сайтууд байрлаж байгаа хойд талын толгой дээр шилжүүлэн байрлуулах зайлшгүй шаардлагатай байгааг төслийг гүйцэтгэгч “IT Zone" компани зөвлөжээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com