Таван Толгой ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт болно
Монгол Улсын нүүрсний экспортын гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг “Mongolian Mining Corporation"-ийн зүгээс Таван Толгой ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт болох гэж байгаа талаар онцоллоо. Монгол Улсын Засгийн газар ирэх сарын нэгнээс өмнө сонгон шалгаруулалтыг явуулахаар товложээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр “Mongolian Mining Corporation" энэхүү тендерт ялах магадлал өндөр байгаа юм байна. ОХУ болон БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлал эрдэс баялаг, дэд бүтэц гэх салбаруудад чухал ач холбогдолтой болсон талаар тус компани онцолжээ. Тухайлбал БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний айлчлалаар ашигт малтмалын бүтээгдэхүүний транзит тээврийг 40 хүртэлх хувиар хямдруулах гэрээнд талууд гарын үсэг зурсан талаар дурдсан байна. Мөн Гашуунсухайт Ганцмодын боомтыг олон улсын зэрэглэлд хүргэхээр тохиролцсон нь эрдэст бүтээгдэхүүний экспортод чухал нөлөөтэй гэдгийг мэдэгдлээ. Харин “Mongolian Mining Corporation" энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 4.4 сая тонн нүүрс экспортложээ. Энэ нь Монгол Улсын нийт нүүрсний экспортын 36 хувийг дангаараа бүрдүүлсэн дүн болж байна. Мөн экспортынх нь дийлэнхийг буюу гурван сая тонныг нь угааж боловсруулсан коксжих нүүрс бүрдүүлжээ. “Mongolian Mining Corporation" нь салбартаа боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог цорын ганц аж ахуйн нэгжид тооцогддог бөгөөд одоогоор тус компани энэ онд нийт 4.5 сая тонн коксжих нүүрс болон хоёр сая тонн эрчим хүчний нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com