С.Оюун: Байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийг борлуулалтын орлогын татвараас чөлөөлнө
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх тутам нэмэгдсээр байгаа ч хүн амд эзлэх ядуу иргэдийн тоо буурахгүй байгаагаас гадна хүрээлэн буй орчны бохирдол ихссэн тухай “Монголын ногоон хөгжлийн эко форум” хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Өнөөдөр болсон тус хэлэлцүүлгийн үеэр “Экопренер-2013” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс “Эдийн засаг өсөлттэй байгаа ч бодит байдал дээр нийт хүн амын 30 хувь нь ядуу байна. Уул уурхайн хөгжилтэй холбогдуулаад харахад хүлэмжийн хийн ялгарал 65 хувь байгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөө болон байгалийн нөөцийн ашиглалт өндөр байгаагийн илрэл. Тиймээс эдийн засгийн уламжлалт хэлбэрээс татгалзаж “Ногоон эдийн засагт”-т шилжих зайлшгүй шаардлага тулгараад байна” гэсэн юм.
Ногоон хөгжлийн талаарх залуучууд болон бизнесийн салбарынхны санаачилгыг бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой энэ удаагийн хэлэлцүүлэг Эко инноваци, Ногоон ажлын байр, Тогтвортой хөгжлийн боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд болсон. Үүнээс гадна Монголд эко бизнес хөгжих боломж байна уу, Эко иноваци төслүүдийг санхүүгийн хөрөнгө оруулалтын механизмаар дэмжиж чадаж байна уу, Ногоон ажлын байр бий болгох явцыг төрөөс бодлогоор хэрхэн дэмжих вэ зэрэг олон чухал дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр БОНХ-ийн сайд С.Оюун “Ногоон соёл иргэншил, ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, нэлээд олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ойрын хугацаанд Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байна. Үүнээс гадна ус, эрчим хүч хэмнэсэн болон байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэж худалдаалсан тохиолдолд борлуулалтын орлогын татвараас чөлөөлөх тухай асуудал бий. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилга гаргаад тодорхой ажлыг хэрэгжүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид “Цэвэр агаар сан”-гаас урамшуулал олгох нэг сарын аян өнөөдөр дуусч байна. Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих нийт нэг тэрбум орчим хөрөнгийг “Цэвэр агаар сан”-д байршуулаад байна” хэмээн ярьсан юм.