С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорьж, шалгах хугацааг 30 хоногоор сунгав
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр гаргалаа.
Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдон оролцсон байна. Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр татан байцаалт авсныхаа дараа үргэлжлүүлэн хорьсон юм.
“Төрийн тусгай хамгаалалтад байгаа үйлчлүүлэгчийг нь шүүхийн шийдвэргүйгээр хорьсон нь хууль зөрчсөн” гэдгийг Ч.Cайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанням онцолоо. Мөн энэ үйл явцыг улс төрийн зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ч.Cайханбилэгийн Өмгөөлөгч Л.Данзанням
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорих нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагааж байгаа үйл явц гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр шүүх хурлын үеэр онцолсон талаар түүний өмгөөлөгч мэдэгдлээ.
С.Баярын Өмгөөлөгч А.Ариунаа
2009 онд “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Авлигатай тэмцэх газар лхагва гарагт мэдээлсэн юм.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com