С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татав
Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татах хүсэлт хүргүүлснийг Нийслэлийн Прокурорын газар хүлээн авсан талаар лхагва гарагт мэдээллээ. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал болох товтой байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Авлигатай тэмцэх газар мэдээлсэн юм. “Оюу Толгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэншл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа аж. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа гэж Авлигатай тэмцэх газар мэдээллээ.
НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман
Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын нэгэнд Авлигатай тэмцэх газраас “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан юм.
Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 1.29 хувиар өсөж, 3.92 канад доллар болсон байна. Харин Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” группийн хувьцааны ханш 0.44 хувиар өсөж, 76.84 австрали доллар болжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com