Суудлын автомашины импорт Улаанбаатарын хүн амын өсөлтөөс 2 дахин өндөр байна
Монгол Улсын хуучин автомашины хууль, эрх зүйн орчин маш сул байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинэ судалгаа харууллаа. Ялангуяа хуучин автомашины импорт хэт өндөр байгааг онцолж байна.
Мөн Япон улсын хосолмол хөдөлгүүртэй хуучин автомашин Монгол Улсад ихээр орж ирж буйг судалгаа харуулж байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрыг хосолмол хөдөлгүүртэй хуучин автомашины импортод онцгой албан татвар, агаарын бохирдлын татвар ногдуулдаггүй нь голлон нөлөөлж буйг дурджээ.
Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн оны эцсээр нэг сая давсан байна. Үүний 66 орчим хувь буюу 667 мянга гаруй нь суудлын автомашин бөгөөд дийлэнх нь буюу 417 мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй байгаа аж. Үүнийг Улаанбаатарын хүн амтай харьцуулбал, насны бүлгээс үл хамааран дөрвөн хүн тутамд нэг автомашин ногдож байгаа төдийгүй энэ хэмжээ жил бүр тогтвортой нэмэгдэж байгаа ажээ.
Жилд дунджаар 60 мянга орчим суудлын импортолж байгаа юм. Өөрөөр хэлбэл автомашины импорт жилд зургаан хувиар өсөж байгаа бол Улаанбаатарын хүн амын өсөлт 3.2 хувь байгааг статистикаас харж болохоор байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа бүрдүүлж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өмнө нь мэдээлж байв. Тэр дундаа насжилт өндөртэй, хуучин автомашин гол асуудал болоод байна. Одоогоор нийт бүртгэлтэй автомашины 55 хувийг 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин бүрдүүлж байгааг “МАДА” ТББ-ын судалгаа харуулж байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com