Сингапур архины хэрэглээг хязгаарлахаар болжээ
Сингапурын засаг захиргаа ирэх долоо хоногоос эхлэн үймээн гарсан Энэтхэг дүүрэгт архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахаар болсон байна. Тус улсын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар сүүлийн 40 жилд анх удаагаа гарсан үймээн самуунтай холбогдуулж дахин найман хүнийг баривчлаад байгаа аж. Эдгээр найман хүний гурвыг нь яллахаар болсон бол нэгийг нь батлан даалтад гаргаж, үлдсэн дөрвийг нь хэрэгт холбоогүй хэмээн сулласан байна. Үүнээс өмнө буюу өчигдөр тус улсын шүүхээс энэ долоо хоногийн эхэнд болсон үймээнийг өдөөсөн гэх шалтгаанаар 24 Энэтхэг иргэнийг яллах тогтоолыг гаргаад байсан юм. Ийнхүү тус дүүрэгт архи согтууруулах ундааны хэрэглээг хорьж байгаатай холбогдуулж Сингапурын дотоод хэргийн яамнаас “Энэ удаагийн үймээн самуун дэгдэхэд архины хэрэглээ тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тиймээс ирэх долоо хоногоос эхлэн тус дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундааны бүх төрлийн хэрэглээг хорьж байна. Энэ нь нөгөө талдаа нөхцөл байдлыг тогтворжуулахад түлхэц үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Ц.Мөнхжин
Холбоо барих: Munkhjin.ts@bloombergtvmongolia.com