Сингапурын Төв банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэсэн таамаг давамгай байна
Сингапурын Төв банк ирэх лхагва гарагт болох мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүд өөрчлөлт оруулахгүй гэсэн таамаг эдийн засагчдын дунд давамгайлж байна.
Цар тахлын дам нөлөөнд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээхийн тулд Сингапур улс сангийн идэвхтэй бодлого баримталж байгаа бөгөөд үүнийг мөнгөний бодлогоор дэмжих шаардлагагүй бололтой. Сингапурын Мөнгөний бодлогын газар бодлогын хүүгээс илүүтэй валютаа бодлогын гол арга хэрэгсэл болгодог бөгөөд IV болон X сард буюу жилд хоёр удаа мөнгөний бодлогын шийдвэр танилцуулдаг юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард валютын ханш хэлбэлзэх хязгаарын төвийг доошлуулж, налууг нь 0 рүү буулгажээ. Ингэснээр валют арилжааны ханшийг бууруулж, дефляциас зайлсхийн, экспортод түшиглэсэн эдийн засгаа дэмжсэн байна.
Сингапурын Засгийн газар улсынхаа эдийн засгийг энэ онд 5-7 хувиар агшина гэж таамагласан нь хагас зууны өмнө тусгаар тогтнолоо олсноос хойш байгаагүй тааруу төсөөлөл болжээ. Лхагва гарагт III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт гарсны дараа эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчлэн танилцуулж магадгүй байгаа юм.
“Bloomberg”-ийн асуулгад оролцсон эдийн засагчид Сингапурын эдийн засаг өнгөрсөн улиралд өмнөх улираасаа дунджаар 33.5 хувиар өссөн ч өнгөрсөн жилийн мөн үеэс 6.8 хувиар буурсан гэж таамаглажээ.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com