СЗХ: 16 даатгалын компаниас дөрөв нь дүрмийн сангийн доод хэмжээг хангаад байна
Даатгалын компаниуд дүрмийн сангийн доод хэмжээг хангах хугацаа дуусахад хагас жил үлдээд байна. Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 5.0 тэрбум төгрөгөөр тогтоож, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компануудынхыг 6.0 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийн бүрэн хэрэгжих хугацааг 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөр тогтоогоод байна. Одоогийн байдлаар 16 даатгалын компаниас дөрөв нь дүрмийн сангийн доод хэмжээг хангаад байна. "2017 онд даатгалын талаар мэдлэг, боловсрол иргэдийн дунд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сайн дураараа даатгуулагчдын тоо болоод идэвх 2017 онд нэмэгдсэн" гэж Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын газрын дарга М.Өлзийбат онцоллоо. Мөн Банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүгийн салбарт эзлэх хувь маш бага буюу даатгалын компаниуд санхүүгийн салбарт нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа юм. Тиймээс санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагуудад зориулан ипотекийн даатгалыг нэвтрүүлсэн байна. Иргэдийн дунд ипотекийн даатгалын талаар мэдлэг мэдээлэл дутмаг байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байгаа юм.
Б.Дөлгөөнзул
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com