СЕХ: 11.00 цагийн байдлаар орон нутгийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 15.2 хувьтай байна
Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц 15.2 хувьтай байсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц 1992-2012 оны хооронд ерөнхийдөө буурч, 2016 онд эргээд өссөн байна. 2016 онд УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган явуулснаараа онцлогтой. Үүнээс хойш орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар УИХ шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин санал хураалт явуулдгийг болиулжээ.
16.5 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулж байгаа энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаа гэдгээрээ онцлогтой. "Коронавирус"-ийн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир санал авах ажиллагаатай холбоотойгоор ариутгал, халдваргүйтгэлийн ажлуудад 483 сая төгрөг зарцуулахаар Засгийн газар шийдвэрлээд байгаа юм.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2019 онд баталж, өнгөрсөн тавдугаар сараас мөрдөж эхлээд байна. Нэмэлт өөрчлөлтийг дагалдан орон нутагт хамааралтай зарим хуулиудад өөрчлөлт оруулах ажил хүлээгдэж байгаа юм. Тухайлбал: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэл бие даан бонд гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэж тухайн үед хууль санаачлагчид мэдээлж байв.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com