САЛХИН ПАРКИЙН ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын салхины эрчим хүчний хоёр дахь эх үүсвэр болох Сайншандын Салхин паркийн төсөл, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа талаар төслийн нэгж мэдээллээ. Нийт 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн турбин нийлүүлэгчээр Данийн “Vestas” компани шалгарсан бол угсралтын ажлыг “Siemens” компани хариуцахаар болсон байна. Одоогоор төсөл хэрэгжүүлэгч талуудтай хийх гэрээний хэлэлцээр үргэлжилж байгаа болохыг тус компаниас мэдээллээ. Энэхүү төслийн үргэлжлэх хугацаа 20 жил байх аж. Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 50 мегаваттын хүчин чадалтай энэхүү Салхин цахилгаан станцын хувьд 110 киловаттын 6 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулж, Сайншандын дэд станцад холбогдох юм байна. Мөн цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 173 мянга 965 тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах тооцоо гарчээ. Салхины хэмжилтийг АНУ-ын “NRG systems” фирмийн 20 метрийн өндөртэй станцаар хийхэд төслийн байршлын салхины дундаж хурд 8.1 метр секунд байсан байна. Үүнтэй ижил хүчин чадалтай Салхитын цахилгаан станц 2013 оноос бүрэн ашиглалтад орж, төвийн бүсийн сүлжээнд цахилгаан нийлүүлж байгаа юм. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд эрчим хүчний системд эзлэх хувь хэмжээг 20 хувь болгох зорилт дэвшүүлсэн байна. Харин одоогоор нар, салхины эрчим хүчээр 1.85 хувийг хангаж байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com