Сав баглаа, боодлын зах зээлд 400-500 тэрбум төгрөг эргэлдэж байна

Сав баглаа, боодлын нийт хэрэгцээний 30 хувийг дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа бөгөөд 400-500 тэрбум төгрөгийн зах зээл байгаа болохыг салбарын холбооноос мэдээллээ. Цаашид бүх төрлийн сав баглаа үйлдвэрлэх боломжтой гэж үзэж, үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлд эзлэх хэмжээг 70 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Одоогоор Монгол Улс ундааны савны үйлдвэрлэлээ бараг 100 хувь дотоодоосоо хангаад байгаа аж. Гурван жилийн өмнө “АПУ”, “MCS Coca Cola” зэрэг ундаа, усны томоохон үйлдвэрүүд хуванцар саваа импортолдог байсан бол одоо дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах болжээ. Тухайлбал “АПУ” ХК ундаа, усны саваа “Цэц Зам” компанид үйлдвэрлэж байгаа бол “Витафит”-ын ундааны савыг “MegaPlast Mongolia” компани үйлдвэрлэж байна. Үүнээс гадна дотооддоо нэг удаагийн хоолны сав үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Одоогоор “Чадавх” компани жилд 180 тонн хуванцар сав үйлдвэрлэж байгаа ажээ. Энэ нь суурилагдсан хүчин чадлынхаа гуравны нэгийг л ашиглаж байгаа гэсэн үг юм. Мөн “Хэв Хашмал” компани энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхлэхээр туршилт судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Мөн “Чиглэл” компани нийтийн хоолны тоног, төхөөрөмж үйлдвэрлэж байгаа аж. Сав суулга үйлдвэрлэж эхлээд 10 жил болж байгаа тус компани жилд 150 тогоо үйлдвэрлэж байгаа гэж мэдээллээ. Үйлдвэрлэлийн түүхий эд болох никель төмрийг импортолж, дотооддоо угсарч, суурилуулдаг байна. Одоогоор хоол халуун байлгагч, жигнүүр, нэгдүгээр хоолны тогоо зэрэг 27 нэр төрлийн нийтийн хоолны сав суулга, тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа бөгөөд ОХУ-аас захиалга авчээ. Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад гадаадад ОХУ-аас худалдаж авах захиалга бас ирээд байгаа гэж “Чиглэл” компанийн Ерөнхий захирал мэдээлсэн юм. Үүнээс гадна Дархан хотод “Мон Лааз” компани төмөр сав, баглаа, боодол үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Э.Нарантунгалаг

Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Нийтэлсэн огноо: 2015 оны 06 сарын 23

Бидэнтэй нэгдэх