Руссо моторс ХХК: Умард хил хаалттай байгаагаас эд анги татан авахад хүнд байна
Цар тахлын улмаас улсын умард хил хаалттай байгаа учир зарим дистрибьютер компаниудын нөхцөл байдал хүнд байна гэж “Руссо моторс” компани мэдээллээ.
"Коронавирус"-ийн тархалтын улмаас тус компани автомашины татан авалтаа бүрэн зогсоогоод байгаа аж. Мөн сэлбэг, эд ангийн татан авалтад ихээхэн асуудал үүссэнээ мэдээллээ. Тухайлбал: 11 дүгээр сарын 27-нд ирэх байсан татан авалт одоог хүртэл ирээгүй, тээврийн зардал улам нэмэгдсээр байгаа юм байна. “Руссо моторс” компани оны эхний хагаст нөхцөл байдал сайжирна гэсэн өөдрөг хүлээлтгүй байгаагаа онцоллоо. Энэ хүрээнд хямралын менежментдээ шилжиж, зардлаа танаж буй юм.
Нөгөө талдаа тансаг сегментын хувьд харьцангуй тогтвортой байна. Хатуу хөл хориог сулруулсны дараа борлуулалт хэвийн байгаа гэж “Таван богд моторс” компани мэдээллээ. Худалдан авалтад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй, өмнөд хил нээлттэй байгаа учир татан авалтад асуудал үүсээгүй болохоо мэдэгдсэн юм.
Мөн “Бавариа моторс” компанийн хувьд хөл хорионы үеэр урьдчилсан захиалгууд цөөн тоогоор орж ирж байсан гэж мэдээлсэн юм. “BMW”-ийн албан дистрибьютер тус компани 2021 онд нөхцөл байдал дээрдэнэ гэж тооцоолж буй учир борлуулалтын төлөвлөгөөгөө өмнөх оноос сайжруулжээ. Тээвэрлэлтийн талд асуудал байхгүй гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд Монгол Улс нийт 53 мянган суудлын автомашин импортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар буурсан дүн боллоо. Үнийн дүнгийн хувьд 297.3 сая ам.доллар болж, 29 хувь буурсан байгаагаас харахад үнийн дүн багатай, хуучин автомашины импорт нэмэгдэж буйг харуулж байна.
Суудлын автомашины нийт импортын 70.8 хувийн хосолмол хөдөлгүүртэй автомашин бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй 57 автомашин импортолсон нь жилийн дүнгээр 35 хувиар буурчээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com