Роландо Оссовкси: Баялагийн сангаас орж ирсэн мөнгийг хянамгай зарцуулах ёстой
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч "Байгалийн нөөцийг удирдах олон улсын туршлага" сэдвээр бодлогын форум зохион байгууллаа. Энэ үеэр Олон улсын валютын сангийн Төсвийн бодлогын асуудлын газрын орлогч дарга асан Роландо Оссовкси “Монголын улстөрчид баялагийн сангаас орж ирсэн мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулах маш их сонирхолтой байна. Гэхдээ Засгийн газар өндөр чадвартай байж, хянамгай бодлогыг баримтлах хэрэгтэй” гэж онцолсон.
Мөн тэрбээр “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сүүлийн жилүүдэд найман хувиас буугаагүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2012 онд 2.5 хувийн өсөлттэй байсан. Үүнд мэдээж уул уурхайн салбарын орлого, хөрөнгө оруулалт шууд нөлөөлж байгаа. Ашигт малтмалын салбараас Монгол Улсын төсөвт орох орлого 2018 он гэхэд өмнөх жилээсээ тав дахин нэмэгдэх тооцоо байна. Энэ бүгд асар их боломж бас эрсдлийг дагуулна. Байгалийн баялаг ихтэй ч эдийн засаг нь хөгжиж чадаагүй улс орнууд олон бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс төр өндөр хариуцлагатай, ил тод байх ёстой” гэсэн юм.
Тус арга хэмжээнд Чили улсын Эдийн засаг, нийгмийн тогтворжуулах сангийн захирал асан Эрик Паррадо, Ботсвана улсын Төв банкны дэд ерөнхийлөгч асан Кайт Жеффрис зэрэг зочид туршлагаасаа хуваалцлаа.