“Оюу Толгой” компани 55 сая ам.долларын орлоготой ажиллажээ
2013 онд “Оюу Толгой” компани 26.4 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 55 сая ам.долларын орлоготой ажилласан болохыг “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Харин “Рио Тинто” компанийн мэдээлснээр “Оюу Толгой” компани 90 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн “Оюу Толгой” компанийн хөрөнгө зарцуулалтын хэмжээ 2012 оноос гурав дахин буурч 749 сая ам.доллар болсныг “Рио Тинто” компаниас мэдээлжээ. “Оюу Толгой”-н далд уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй 15 банкнаас “Рио Тинто” компани нийт гурван тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргуулаад байгаа юм. Энэхүү баримт бичиг энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байх ажээ. Энэ хугацаанаас өмнө хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг шийдвэрлэж “Оюу Толгой”-н шинэчилсэн ТЭЗҮ-ийг бүх хувь нийлүүлэгчид болон Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа юм. Мөн төслийн санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрэх, бүтээн байгуулалтад шаардагдах зөвшөөрлүүдийг авах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг “Turquoise Hill Resources” компанийн мэдэгдэлд дурджээ. Харин Оюутолгойн үйлдвэрлэл техникийн саатлаас болж 6-8 долоо хоногийн хугацаанд зөвхөн нэг шугамаа хааж магадгүй байгаа гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү үйлдвэрлэлийн гэмтлийг эрт олж мэдсэнээр энэ оны эцэст гэмтлээс болж үүсч болох байсан үйлдвэрлэл тасалдах зэрэг эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон гэж “Turquoise Hill Resources” компани үзжээ. Хэдий үйлдвэрлэл сар гаруйн хугацаанд зогсож магадгүй болсон ч гэсэн “Оюу Толгой” компани 2014 оны эцэст үйлдвэрлэлийн хэмжээг хэвийн түвшинд аваачих зорилготой байгаа юм байна. Одоогоор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ 60 хувийг худалдах талаар харилцагч талтай гэрээ байгуулаад байгаа ажээ. Үлдэх хувийг борлуулах гэрээг шинээр байгуулах үйл явц үргэлжилж байгаа талаар мэдэгдсэний дээр шаардлагатай гэж үзэх юм бол зах зээлийн эрэлттэй нийцүүлэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж болно гэдгээ “Turquoise Hill Resources” компани мэдээлсэн байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com