"Оюу Толгой" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал шинээр томилогдлоо
“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ирэх 11 дүгээр сарын 15-наас тус компанийн Гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлейг томилон ажиллуулахаар болсон байна. Учир нь одоогийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ хүлээлгэн өгөхөөр болжээ. “Rio Tinto”-д 18 жил ажилласан туршлагатай Эндрью Вүдлей нь одоогоор тус компанийн Мозамбик дэх нүүрсний салбарыг нь хариуцсан захирлаар ажилладаг. Мөн нүүрс болон хөнгөн цагааны салбаруудад удирдах албан тушаал хашиж байснаас гадна “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Уул, уурхайн салбарт мэргэшсэн тэрбээр бизнес эрхлэгч болон менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулж “Rio Tinto” зэсийн группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак түүнийг “Оюу Толгой” компанийн Ерөнхийлөгчийн албанд тохирсон хүн гэдгийг нь онцолжээ. “Rio Tinto”-ийн хувьд Мозамбик дэх нүүрсний Бенга уурхайгаа 50 сая ам.доллараар худалдах болсон талаараа өнгөрсөн сарын 30-нд мэдээлж байсан юм. Тус орд нь “Riо Tinto” групп 2011 онд “Riversdale Mining Limited”-ийг худалдан авахад мэдэлд нь шилжжээ. “Оюу толгой” компанийн одоогийн Гүйцэтгэх захирал Крэйг Киннел Монгол Улсад нэг жил ажилласны дараа ийнхүү өөрийн хүсэлтээр албаа хүлээлгэн өгөхөөр болов. Крейг Киннел нь өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “Оюу Толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын албыг хаших болсон юм. Тэрбээр 28 жил уул, уурхайн салбарт ажилласан туршлагатайгаас гадна цаашид “Rio Tinto” группт үргэлжлүүлэн ажиллах юм байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com