“Оюу Толгой” дэлхийн зэсийн тав дахь том нийлүүлэгч болно
"Оюу Толгой"-н ордын гүний уурхайгаас олборлолт хийж эхэлбэл “Оюу Толгой” ХХК дэлхийн зэсийн тав дахь томоохон нийлүүлэгч болно" гэж “Rio Tinto” компани үзсэн байна. Өнгөрсөн онд “Rio Tinto"-ийн хөрөнгийн зарцуулалт 17.4 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 сая ам.доллараар нэмэгдсэн болохыг тус компани 2012 оны санхүүгийн тайландаа онцолсон байна. Дэлхийд тэргүүлэх Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн орд болон “Оюу Толгойн” зэс, алтны ордын баяжуулах үйлдвэрт хамгийн их хөрөнгө зарцуулсан болохыг уг тайланд дурджээ. “Rio Tinto” компани хайгуулын ажилд 1.9 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2011 оныхоос 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Түүнчлэн хөрөнгийн нийт зарцуулалтад "Оюу Толгой"-н ордын эзлэх үнэлгээний өртөг болон бусад төслийн үнэлгээний зардал нэмэгдсэн нь тус компанийн зардлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ. Зарим нэгэн хайгуулын ажил нэмж хийснээс 494 сая ам.доллараар зардал нэмэгдсэн талаар тус тайланд дурдсан байна.
“Оюу Толгой” төслийн анхны хүдрийг боловсруулж, экспортод гаргах бэлтгэл ажилд "Оюу Толгой"-н багийг удирдлагын тогтолцоогоор хангах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг 2012 онд дэвшүүлсэн байна. Дээрх зорилтуудыг “Rio Tinto”-ийн Төмрийн хүдрийн компанийн захирал Эндрью Хардинг 113.9 хувьтай биелүүлсэн байна. Тиймээс түүнийг “Rio Tinto”-ийн хамгийн хариуцлагатай салбарт томилж, цалинг нь 25 хувиар нэмээд байна.