Оюутны байрны төлбөр 200 мянган төгрөгөөр хямдрав
Орон нутгаас нийслэлд ирсэн оюутнуудын дотуур байрны асуудлыг шийдэх зорилгоор “1000 оюутны дотуур байр” барих ажлыг 2011 оноос эхлүүлсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан тус дотуур байрны нэгдүгээр байр энэ долоо хоногт багтаж оюутнуудаа “хүлээн авах”-аар зэхэж буй аж. Түүнчлэн тус дотуур байрны ашиглалтад орох хугацаа хойшилсон учраас байрны төлбөрийг хямдруулсан байна. Тодруулбал нэг оюутан жилд 500 мянган төгрөг төлөхөөр тооцож байсан бол 300 мянган төгрөг болгож хямдруулсан талаар холбогдох газраас мэдээллээ. Ингэснээр оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр болжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд тус бүр нь 300 орчим оюутан хүлээж авах хүчин чадалтай 43 байр байдаг аж. Монголын оюутны холбооноос мэдээлснээр жил бүрийн хичээлийн шинэ жилд орон нутгаас 90 мянга орчим оюутан ирдгээс 13 мянга гаруй нь дотуур байранд ордог байна.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com