Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын инфляци хоёр дахь сардаа дараалан өссөн нь тус улсын Төв банкных нь бодлогын хүүг бууруулах
бололцоог хязгаарлаж байна. Тавдугаар сард тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн гэж Москва дахь Статистикийн Газраас мэдээллээ. Харин шинжээчид 7.3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард ОХУ-д бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Тус улсын Төв банк инфляцийг 5-6 хувьд хүргэх зорилт тавьсан хэдий ч инфляци төлөвлөснөөс нь нэг хувиар илүү байна. Энэ нь мөнгөний бодлогоо зөөлрүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжийг нь хязгаарлаж байгаа юм. "Бодлого тодорхойлогчдын шийдвэрт голлох нөлөө үзүүлж буй зүйл бол инфляци" гэж ОХУ-ын Төв банкны тэргүүний албан тушаалаа өгөх гэж байгаа Сергей Игнатьев мэдэгдээд байна. Харин "UralSib" корпорацийн ахлах эдийн засагч Алексей Девьятов хэлэхдээ, "Өнгөрсөн онд үр тарианы ургац муу байсан учраас будаа, талхны үнэ нэмэгдсэн, мөн импортын хүнсний ногоо, жимсний үнэ өссөн, тиймээс Төв банк бодлогын хүүг бууруулах алхмаа хойшлуулж магадгүй" гэж онцолсон байна. ОХУ-ын Статистикийн газраас гаргасан мэдэгдэлд онцолсноор, тавдугаар сард хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.2 хувиар өссөн байна. Харин дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 8.8 хувьтай байсан ажээ. Тус улсын иргэдийн хувьд хамгийн тулгамдсан гурван асуудлын нэг нь инфляци гэдгийг Төрийн мэдлийн судалгааны байгууллагын тайлангаас харж болохоор байгаа юм. ОХУ-ын Төв банкны удирдлагууд тавдугаар сарын 15-нд бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд дараагийн хурлаар бодлогын хүүг 8.25 хувьд хэвээр хадгалж магадгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна. Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com minjma.g@bloombergtvmongolia.com