ОУЭХА: Цар тахлын үед үйлдвэрүүд зогссоноор цахилгааны хэрэглээ буурсан
Олон улсын эрчим хүчний агентлагийн урьдчилсан тооцоогоор нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл 2020 онд дэлхийн хэмжээнд таван хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл цар тахлын үед түүхэн дээд дүнгээр буурсан байж магадгүй байгаа юм.
Цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа зогсож, цахилгааны хэрэглээ буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Өнгөрсөн онд эрчим хүчний хэрэглээ тав хүртэл хувиар буурсан гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолоод байгаа юм. Мөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь нүүрсний цахилгаан станцуудыг зах зээлээс шахаж эхлээд байгаа аж.
Урьдчилсан тооцоогоор Европын орнуудад дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл хамгийн ихээр буурсан байна. Тус бүс нутагт нүүрсний станцууд цөөрч эхэлснийг судалгаанд онцолжээ. Австри, Швед гэхэд 2020 онд хамгийн сүүлийн нүүрсний станцаа хаагаад байна.
Харин БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад дулааны цахилгааны станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 2020 онд төдийлөн буураагүй байна. БНХАУ-ын хувьд 2020 оны эхний гурван улиралд 0.3 хувиар буурчээ. Энэ хугацаанд салхины цахилгаан станцуудынх нь хүчин чадал огцом нэмэгдсэн байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com