ОУВС-ийн тусламжийн ихэнх нь хөгжингүй улсуудад ногдохоор байна
Олон Улсын Валютын Сан хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудад цар тахлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнууддаа 650 тэрбум ам.доллар олгохоор төлөвлөж байна.
Энэ нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт юм. Хэдий тийм боловч тусламжийн ихэнх хэсэг нь хөгжингүй орнуудад оногдохоор байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн дүрмээр “SDR” буюу зээлжих тусгай эрх нь тухайн улсын эдийн засгийн хэмжээнээс ерөнхийдөө хамаардаг. Энэ нь нийт тусламжийн 58 хувь нь хөгжингүй, 42 хувь нь хөгжиж буй улсуудад оногдоно гэсэн үг юм.
Дональд Трампын үед АНУ-ын Сангийн сайд асан Стивен Мнучин Олон Улсын Валютын Сангийн төлөвлөгөө буурай орнуудад дэмжлэг үзүүлэх талд хангалтгүй байна гэж шүүмжилж байжээ.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева 650 тэрбум ам.долларын санхүүжилтийн төлөвлөгөөг зургаадугаар сард захирлуудын зөвлөлөөр эцэслэн батлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Сангийн яамны тооцоогоор Төв банкнууд наймдугаар сард энэхүү санхүүжилтийг хүлээн авч магадгүй байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan18
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com