Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр "дуншиж" эхэллээ
Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүй “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа "Хөшөөтийг стратегийн ордод хамруулах боломжтой гэдэг дүгнэлтийг ажлын хэсэг гаргаж байгаа" гэжээ.
Харин тус ажлын хэсэгт багтсан “Mongolia Energy” корпорацийн улс хариуцсан захирал Жеймс Долан “Жилдээ 2.4 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ирэх сараас ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ажлын хэсгээс Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг нотолсон хангалттай баримт байхгүй гэж өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур дүгнэж байсан” хэмээн ярьсан байна. Тус ордын нүүрсний экспорт өнгөрсөн оны сүүлээр зогссон бөгөөд эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан бодит нөөц нь 87.6 сая тонн аж. Мөн 400 метрийн гүн дэх “JORC” ангиллаар тогтоосон нөөц нь 141 сая тоннд хүрсэн ба энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрэхгүй гэж “Mongolia Energy” үзжээ. Гэвч энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газар эсрэг байр суурьтай байгаа бөгөөд "Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3 хувь байсан. Цаашид олборлолт өсөхөд энэ үзүүлэлт таван хувиас дээш болж өсөх магадлалтай” гэж таамаглаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy” корпораци 2008 оноос хойш хоёр тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулсан байна.
Хөшөөтийг стратегийн ордод оруулах уу
УИХ-ын гишүүн Д.Батцогтын зүгээс “Хөшөөтийн уурхайн талаар салбарын яам болон Засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлого, Хөшөөтийг стратегийн орд газрын жагсаалтад оруулах үйл явц аль шатандаа явж байгаа” тухай асуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хүргүүлжээ. Мөн тэрбээр асуулгынхаа хүрээнд Хөшөөтийн уурхайд түшиглэсэн 36 мегаваттын чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн нь эдийн засгийн хувьд хэр үр ашигтай болохыг сонирхсон байна. Д.Батцогт гишүүний үзэж байгаагаар тус орд жилд найман сая тонн олборлох боломжтой гэж тооцвол нөөц нь арав гаруй жилийн дараа дуусах аж. Тиймээс тус ордыг стратегийнх болгох нь хэр оновчтой болохыг онцлохын хажуугаар "Орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон тус орд ажиллахгүй байгаа учраас нөхцөл байдал хүндэрч байна” гэжээ. Харин үүний хариуд Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Хөшөөтийн уурхай нь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой" гэсэн бөгөөд маргааш болох УИХ-ын ээлжит чуулганы үеэр энэ асуудлыг дахин авч хэлэлцэх ажээ.
Мэдээг бичсэн Э.Нарантунгалаг narantungalag.e@bloombergtvmongolia.com
Редактор Ц.Мөнхжин munkhjin.ts@bloombergtvmongolia.com