Нэнси Пелоси: Дональд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг даваа гарагт эхлүүлнэ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг ашиглан Дональд Трампт итгэл үзүүлэх эсэх процессыг энэ даваа гарагт эхлүүлэхээр боллоо.
Тус улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд Сенат болон дэд Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн бүрэн эрхийг нь дэд Ерөнхийлөгчид шилжүүлэхээр 25 дугаар нэмэлт өөрчлөлтөд заасан байдаг. Энэ хүрээнд даваа гарагт дэд Ерөнхийлөгч Майк Пенст хандахаар болсныг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдээд байна. Одоогийн байдлаар Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын 200 гаруй гишүүд Дональд Трампт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцүүлэх шийдвэрт гарын үсэг зурж, нэгдсэн байна.
Өргөн барьсан тохиолдолд дэд Ерөнхийлөгч 24 цагийн дотор хариу өгнө. Хэдий тийм боловч Майк Пенсийн хувьд 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг ашиглах нөхцөл нь бүрдээгүй гэж үзэж буй юм.
Түүнчлэн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Дональд Трампт итгэл үзүүлэх асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй ч түүнийг энэ албан тушаалт зохихгүй хүн гэж шүүмжилсэн байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com