Нэгдсэн төсвийн зарлага оны эхний 7 сард төлөвлөснөөс 1.3 их наяд төгрөгөөр бага байлаа
Энэ оны 7-р сарын байдлаар Монгол улсын төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан болохыг Сангийн яам мэдээллээ. Орлого талаас нь харвал нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15 хувиар тасарч, 3.1 их наяд төгрөгийн орлогыг өнгөрсөн 7-р сард улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ нь төлөвлөгөөний гүйцэтгэл 85.4 хувьтай байгаа гэсэн үг юм.
Задалж харвал, НӨАТ-ын орлого жилийн өмнөхөөс 23 хувиар буурсан байхад Нийгмийн даатгалын орлого эсрэгээрээ 13.6 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын орлого 600 орчим тэрбум төгрөг болсон нь татварын орлогын 21.7 хувийг дангаараа бүрдүүлжээ. Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 87.4 хувийг татварын орлого бүрдүүлсэн бол үлдсэн 12.6 хувийг татварын бус орлогоос бүрдүүлжээ.
Нэгдсэн төсвийн орлого 15 хувиар тасарсан байхад зарлага нь 25 орчим хувиар дутуу биелсэн гэдгийг Сангийн яам танилцуулсан юм. Энэ оны 7-р сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт зарлага 5 их наяд төгрөг гэж төлөвлөгдсөнөөс 3.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ. Үүний гуравны нэгийг нийгмийн хангамж, нийгмийн халамжид зарцуулсан бол боловсролын салбарт 373 тэрбум, эрүүл мэндийн салбарт 323.9 тэрбумыг нь зарцуулсан байна.
Төсвийн зарлагыг төрлөөр нь ангилж харвал улсын төсвийн зарлага 2.6 их наяд, орон нутгийн төсвийнх 1 их наяд, хүний хөгжил сангийн 166.1 тэрбумын гүйцэтгэлтэй гарч, аль аль нь төлөвлөгөөнөөс дутсан байна. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага төлөвлөгөөнөөс 4 хувиар давж, 895.6 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: Narantungalag.E@bloombergtvmongolia.com