Номадиа Пикчерс: IPTV дээр "37-р Точка", "Бүтэн амьдрал" кино үзэгчдийг байлдан дагууллаа
Шинэ төрлийн “коронавирус”-ийн нөлөөгөөр хаагдаад байгаа кино театруудын орлого тавдугаар сар гэхэд дэлхийн хэмжээнд 17 тэрбум ам.доллароор буурах магадлалтай гэж Дэлхийн эдийн засгийн чуулган мэдээлж байв.
Одоогоор Хонгконг, Тайвань, БНСУ зэрэг улс орнууд кино театруудаа эргэн нээж эхлээд байна. Хэдий тийм боловч олон улсад кино театруудын үйл ажиллагаа долоодугаар сараас нааш бүрэн сэргэхгүй гэж кино театруудын холбоо таамаглаж байна. Кино салбарын бизнест одоогийнх шиг аюул нүүрлэсэн нь анх удаагийнх биш тул даван гарч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа 80 гаруй улсад 1.6 мянга гаруй кино театртай “IMAX Corporation”-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.
“IMAX Corporation”-ийн Гүйцэтгэх захирал Ричард Гелфонд
“Кино бизнесийн түүхэнд анх удаа ийм аюул нүүрлэж байгаа биш. Бас дистрибьютер платформууд бүгд сүйрээгүй. Радио, телевизээс гадна янз бүрийн өрсөлдөөн, бас DVD-үүд байдаг байсан. Кино энэ бүгдийг даван туулсан. Нэг талаасаа соёлын туршлага болж байна. Харин шинэ контент нийлүүлэх тал дээр кино театрууд ажиллаж байж нийлүүлэлт хийх боломжтой болдог. Технологийн онцлог нь үүндээ байдаг” гэж мэдэгдлээ.
АНУ-ын Калифорни мужид хязгаарлалтын хатуу арга хэмжээ хэрэгжиж байгаагаас Холливудын зураг авалтууд зогсоод байна. Тиймээс “Black Widow”, “James Bond” цувралын шинэ анги, “Mulan” гэхчлэн хүлээлт үүсгээд байсан кинонуудын нээлт хойшлогдсон юм.
Хэдий тийм боловч сүүлд “Trolls”-ийн шинэ анги “Netflix”, дижитал платформуудаар нээлтээ амжилттай хийжээ. Стримингийн гурван долоо хоногийн орлого нь өмнөх ангийнхаа кино театр дахь таван сарын орлогыг давсан талаар “Wall Street Journal”-д онцолсон байна.
Харин Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдлын үед “IPTV”-ийн үзэлт нэмэгдсэн талаар “Юнител групп”-ийн контент продюсингийн компани “Nomadia Pictures” мэдээллээ. Түүнчлэн монгол үзэгчид дотоодын контентыг илүүтэй үзэж байгааг “Skymedia” онцолж байна. Жилд 40-50 кино нээлтээ хийдэг Монголын кино зах зээлд хоёрдугаар сараас хойш 20 гаруй кино нээлтээ хийж чадаагүй хүлээлтийн байдалтай байгаа ажээ.
“Номадиа Пикчерс”-ийн Ерөнхий продюсер Б.Наранбат
“Олон ангит киноны хувьд “SKYmedia”, “SKYGO”-ээр гарсан “37-р Точка” кино оны эхний гурван сард, мөн “Univision”-ээр гарсан “Бүтэн амьдрал” кино үзэгчдийг байлдан дагууллаа. Энэ онд цар тахлын улмаас кинотеатруудад нээлтээ хийх кинонуудын тоо буураад байна. Харин хийгдэж байгаа кинонууд олон байгаа учраас ирэх онд кинотеатрт нээлтээ хийх киноны тоо тодорхой хэмжээгээр өсөх хандлагатай байна” гэж онцоллоо.
“Скайтел” ХХК-ийн Маркетинг, борлуулалт, үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн
“IPTV дээр нэг удаагийн бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг үзэх хандлага их байдаг бол “SKYGO”-ээр олон ангит киног ихээр үзэж байна. Дундаж үзэлтийн тоо IPTV-тэй харьцуулахад дөрөв дахин өндөр байна. Хэрэглэгчид шинэ төрлийн технологиор дамжуулан OTT-ээр контент үзэлт хамаагүй их байна. Түүнчлэн дотоодын контентууд нэлээд хүчтэй ноёлж байна. Дотоодын контентууд дотроос "37-р Точка" олон ангит киног хийж туршсан. Олон ангит киног үзэх хандалт хамаагүй өндөр байна” гэж онцоллоо.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com