Найман хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нээгдлээ
Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар бямба гарагт Төрийн ордонд гарын үсэг зурсан байна. Санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бодлогоо гаргаад байсан юм. Дээрх шийдвэрийн хүрээнд иргэд бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц худалдан авахаар нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд жилийн найман хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж байна. Журмын дагуу ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажээ.
Санамж бичиг байгуулах үеэр орон сууцаар дамжуулан хуримтлал бий болгох зөв тогтолцоо руу шилжих учраас Засгийн газрын энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч онцолсон байна. Зээлийн эх үүсвэрийн хувьд хязгаар байхгүй бөгөөд арилжааны банкууд 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг заавал авах ёстой юм байна. Харин иргэдийн хувьд баталгаатай орлогын эх үүсвэртэй байх гол шаардлагыг хангасан байх хэрэгтэй аж. 2013- 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч санхүүжилтийн асуудалтай байгаа орон сууцны судалгааг үндэслэн Засгийн газраас үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.