М.Энхсайхан: Таван Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй
Коксжих нүүрсний салбарт орон зайгаа хадгалахын тулд Таван Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд манай улсын гол өрсөлдөгчид томоохон ордууддаа хөрөнгө оруулалт амжилттай татаж байгаа юм. Ажлын хэсгийн тооцоолсноор Таван Толгой төслийг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал ордыг үйлдвэрлэл, тээвэрлэлт болон борлуулалт гэж хуваан үзэж байгаа юм. Хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумын хувьд эдгээр асуудлыг хариуцах чадвартай төлөөлөл багтсан гэж үзэж байгаагаа М.Энхсайхан сайд илэрхийлсэн. "Mongolian Mining Corporation"-ий хувьд Таван Толгойн бүлэг ордод багтдаг Ухаа Худагт олборлолт хийж бүтээгдэхүүнээ экспортолдог туршлагатай. Мөн нүүрсний салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа цорын ганц үндэсний компани юм. Харин "China Shenhua"-ийн тухайд урд хөршийн нүүрсний салбарт тэргүүлэгч компанид тооцогддог. Учир нь тус компани олборлолтоос борлуулалт хүртэлх бүх дэд бүтцээ шийдсэн компани юм. Ялангуяа төмөр замын маш том бүтцийг эзэмшдэг. Энэ нь Таван Толгойн нүүрсний тээвэрлэлтэд өргөн боломж нээх боломжтой гэж ажлын хэсэг үзэж байна. Мөн "Sumitomo Corporation" нь Азийн нүүрсний зах зээлд борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг. Тиймээс засгийн газраас тавьсан гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагыг биелүүлэх боломжтой юм байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: Khasherdene.d@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com