Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнхийг хадгаламж эзэлж байна
2014 оны эцэст M2 мөнгөний нийлүүлэлт 10.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас хагас тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Гэхдээ өсөлтийн хурд 2013 онтой харьцуулахад саарсан болохыг Үндэсний Статистикийн Хорооны урьдчилсан мэдээллээс харж болохоор байна. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 70 орчим хувийг хадгаламж, 25.9 хувийг төгрөг болон валютын харилцах, үлдсэн хувийг банкнаас гадуурх мөнгө эзэлж байна. Харин энэ хугацаанд зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас буурч, 12.5 их наяд төгрөг боллоо. Энэхүү бууралтыг өнгөрсөн оны долдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болгож өсгөсөнтэй холбон тайлбарлаж болохоор байна. 2014 оны эцэст зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ таван хувь болж, 2014 оны 11 дүгээр сараас 0.1 хувиар өссөн байгаа бол хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.2 болж, 11 дүгээр сарын дүнгээс буурсан үзүүлэлттэй гарчээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com