Мутацид орсон “коронавирус”-ийн эсрэг “AstraZeneca”-ийн вакцин ашиглахыг ДЭМБ улс орнуудад зөвлөв
Мутацид орсон “коронавирус”-ийн халдварын тархалт газар авч буй орнуудад “AstraZeneca”-ийн вакцин ашиглахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөлөө. Тус компанийн БНЭУ, БНСУ-д үйлдвэрлэж буй вакцинд зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаагаа мөн мэдэгдсэн юм.
Түүнчлэн шинэ төрлийн “коронавирус”-ийн гарал үүслийг тогтоохоор БНХАУ-д ажиллаж байгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баг шинэ сэжүүр илрүүлсэн гэдгээ мэдээлсэн байна. Мягмар гарагт үүнтэй холбоотой мэдэгдэл хийхээр товлоод байгаа аж.
БНХАУ-ын хувьд вакцинжуулалт товлосон хугацаанаас удаан байгаа тул 50 сая иргэнээ вакцинжуулах зорилтоо бараг хоёр сараар хойшлуулсан юм. Вакцины нийлүүлэлтийн асуудлаас гадна хүн амын дунд вакцинтай холбоотой эргэлзээ үүсээд байгааг онцолсон байна. Түүнчлэн тус улс саяхан гаргасан шинэ вакцинд зөвшөөрөл олгоход ойрхон байна. “Cansino”-ийн вакцин “COVID-19”-ийн шинж тэмдэгтэй халдвараас 65.7 хувь сэргийлдэг болох нь эцсийн шатны туршилтаар тогтоогджээ. Туршилтыг Пакистан тэргүүтэй хэд хэдэн улсад явуулсан бөгөөд нийт 30 мянган хүнийг хамруулаад байна.
Зүүн өмнөд Азийн бүсэд ашиглах дөрөв дэх вакциныг даваа гарагт зөвшөөрчээ. Сингапур улс “Moderna”-ийн вакциныг бүртгэн зөвшөөрөл олгож, Филиппинд нийлүүлэхээр болсон байна.
Харин ОХУ-д 2020 онд “COVID-19”-ийн халдварын улмаас 162.4 мянган хүн нас барсныг албан ёсны статистик харууллаа. Энэ нь тус улсын Засгийн газрын мэдээлж байснаас бараг гурав дахин өндөр дүн болж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com