Монгол Улс шатахууны хангалттай нөөцтэй боллоо
Монгол Улс шатахууны хувьд хангалттай нөөцтэй болоод байгааг Засгийн газраас мэдээллээ. 2013 оны тавдугаар сарын байдлаар “Шатахууны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Төвбанк банкуудаар дамжуулан 12 компанид 190.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ингэснээр Монгол Улс нийтдээ 81.3 мянган тонн нөөц шатахуунтай болсон нь өнгөрсөн оны аравдугаар сард хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийнхтэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гэхдээ энэ нь 2013 оны эхэн үеийн нөөцтэй харьцуулахад 30 орчим мянган тонноор буурсан байна. Газрын тосны нөөц бүтээгдэхүүний тал орчим хувийг буюу 44.1 мянган тонныг дизель түлш, 17.8 мянган тонныг АИ-92, 16.1 мянган тонныг А-80 шатахуун бүрдүүлж байгаа ажээ. Үүнээс гадна Засгийн газар шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэхээр ажиллаж, нийт импортын 73 хувийг ОХУ-аас, 27 хувийг бусад улсаас авах боломжтой болсон байна. Монгол Улс 2010 онд нийт шатахууныхаа хэрэглээний 99 хувийг, 2012 онд 92 хувийг ОХУ-аас импортлож байжээ. Харин 2013 оноос Беларус, БНСУ болон БНХАУ-аас шатахуун нийлүүлдэг болсноор нэг улсаас хараат байдал буурсан байна.
З.Энхболор
Холбоо барих:enkhbolor.z@ bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com