"Монгол Улс их гүрнүүдтэй дүйх хэмжээнд гадаад бодлогоо хэрэгжүүлэх боломжтой"
“Монгол Улс төвийг сахисан бодлого баримталж, түүнийгээ олон улсын түвшинд зарлана” гэж Төрийн тэргүүн мэдэгдээд байна. Энэ оны зургадугаар сард болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II бага хурлын үеэр Өмнөд, Хойд Солонгосын асуудлыг шийдэх, япончуудын хувьд БНХАУ, ОХУ-тай харилцаагаа сэргээхэд Монголын талын гүйцэтгэх үүрэг их болохыг оролцогчид онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс их гүрнүүдийн түвшинд дүйх хэмжээнд гадаад бодлогын үзэл баримтлалаа хэрэгжүүлэх боломж байгааг шинжээчид онцолж байна. Нэг талаас Монгол Улсын гадаад бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл нь Улаанбаатар хотод шил шилээ даран болж байгаа олон улсын түвшний хурал юм. Тухайлбал өнөөдөр НҮБ-ын тусгай статустай ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хуралд дэлхийн 60 гаруй орны 320 гаруй төлөөлөгч оролцож байна. Үүний зэрэгцээ дэлхийн 36 орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган болж байгаа юм. Үүнээс өмнө 1000 гаруй төлөөлөгч оролцсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулаад байна. Ингэснээр олон улсын томоохон хурлыг Улаанбаатарт зохион байгуулах үүд хаалга нээгдсэн гэж үзэх нь бий. Харин энэ удаагийн ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурлыг амжилттай зохион байгуулах нь ирэх онд болох АSЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулна гэх дохио болно гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болд илэрхийлсэн юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com