Монгол Улсын гадаадад төлөх санхүүгийн өглөг 20 тэрбум ам.долларт хүрчээ
2012 оны дөрөвдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын урсгал данс өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг хувиар өсч 745 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж Гадаад секторын тоймд тэмдэглэсэн байна. Харин хөрөнгө болон санхүүгийн данс хоёр тэрбум ам.долларын ашигтай гарсан нь жилийн өмнөхөөс 225 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэхүү өсөлт нь Засгийн газраас 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргасантай холбоотой аж.
Түүнчлэн Монгол Улсын гадаадад байршуулсан санхүүгийн хөрөнгө 7.6 тэрбум ам.доллар, гадаадад төлөх санхүүгийн өглөг 20 тэрбум ам.долларт хүрснээр гадаад хөрөнгө оруулалтын позиц улирлын эцэст -12.9 тэрбум ам.долларын сөрөг үлдэгдэлтэй байна. Тодруулбал Монгол Улс цэвэр дүнгээр гадаадад төлөх санхүүгийн өглөгтэй болохыг харуулж байгаа хэрэг аж.
Мөн богино позиц өнгөрсөн оны мөн үеэс 69 хувиар буюу 5.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь гаднаас орж ирсэн багцын хөрөнгө оруулалтын өсөлтөөс голлон шалтгаалсан байна.