Монгол Улсаас Хятадад нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээ өсчээ
Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ руу нийлүүлж байгаа Австралийн коксжих нүүрсний хэмжээ буурч, Монгол болон ОХУ-ын нийлүүлэлт өссөн байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар тус улс 3.73 сая тонн коксжих нүүрс импортолсон нь хоёрдугаар сартай харьцуулахад 5.4 хувиар өссөн дүн боллоо. Үүнээс Австрали улс нэг сая 430 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь өмнөх сарынхаас ойролцоогоор 36 хувиар буурчээ. Харин коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Австралийн дараа ордог Монгол Улс гуравдугаар сард 717 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь хоёрдугаар сараас 50 орчим хувиар өссөн дүн болоод байна. Үүнээс гадна ОХУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлт 687 мянган тонн болж, 50 орчим хувиар өссөн бөгөөд Монгол болон ОХУ-ын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Монгол Улс хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сараас эхлэн Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг цайны цаггүйгээр ажиллуулж эхлээд байна. Ингэснээр нүүрсний тээвэрт гарах машинуудын тоо нэг өдөрт 700-800 болж нэмэгдэж байсан талаар Гашуунсухайт боомтын Гаалийн газраас мэдээллээ. Харин ОХУ-ын хувьд БНХАУ-ын зүүн болон зүүн өмнөд мужууд руу нүүрс тээвэрлэх дөт замыг эрэлхийлж, БНАСАУ-ын Ражин боомтоор дамжуулан туршилтын журмаар нүүрс экспортлох ажлаа эхлээд байгаа юм.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com