Монголбанк: Экспортлогч компаниудтай хэлцэл хийж гадаад валют худалдан авч байна
Монголбанк энэ онд валютын захын төлөвийг тогтвортой байна гэж харж байгаагаа мэдээллээ. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд 840 гаруй сая ам.доллар Монгол Улсад орж ирэх хүлээлттэй байгаа юм.
Хэдий тийм боловч хүлээгдэж буй санхүүжилтүүд Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөлийн хурлаар үнэлгээг баталсны дараа орж ирэх юм. Санхүүжилтийг авахын тулд хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх ажлууд үлджээ. Мөн энэ онд “Оюу Толгой”-ийн гүний уурхайд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж Засгийн газар үзэж байна. Эдгээр эерэг хүчин зүйлээс үндэслэж төлбөрийн тэнцэл энэ онд ашигтай гарах төсөөллийг хийжээ.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
2019 он гарснаас хойш Төв банк 850 орчим сая ам.долларыг валютын захад нийлүүлээд байна. Энэ нь өнгөрсөн оны бүтэн жилийн нийлүүлэлттэй дөхөж очиж байгаа юм. 2018 онд есөн хувиар суларсан төгрөгийн ханш он гарснаас хойш харьцангуй тогтвортой байна.
Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулах зорилгоор томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч байгааг мэдээлсэн юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар “Оюу Толгой” ХХК-иас 282 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 150 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 200 сая ам.доллар, бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар буюу нийт 660 гаруй сая ам.долларыг худалдан аваад байна.
Үүний зэрэгцээ дотоодын банкнуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж мэдээллээ.
Б.Бямбасүрэн| @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com