Монголбанк: Банкны төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байна
Хатуу хөл хорионы үед банкны төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байгааг Төв банк мэдээллээ. Тухайлбал: картын гүйлгээний тоо сүүлийн өдрүүдэд өсөж, хоёрдугаар сарын 18-ны байдлаар 435.5 мянга болсон байна.
Мөн хоёрдугаар сарын 11-18-ны өдөр хүртэлх долоо хоногт үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжин бага дүнтэй банк хоорондын гүйлгээний дүн 16-47 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бэлэн бус төлбөр тооцооны хэмжээ улсын хэмжээнд зургаа дахин нэмэгдээд байгааг Монголбанк мэдээлж байсан юм.
Үүнээс гадна Төв банк 2020 онд финтекийн найман байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоод байна. Одоогоор “Автомат клиринг хаус” системд “Ард кредит ББСБ” ХК болон “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийг холбоод байна.
2021 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт тусгасан юм.
Энэ хүрээнд
- Үндэсний төлбөрийн системийн бодлого, зохицуулалтыг сайжруулж, шинэ технологид суурилсан төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээг дэмжинэ.
- Үндэсний брэнд ₮ картыг олон улсын EMV стандарт хангасан чиптэй болгож, технологийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлнэ зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com