МИАТ: Өнгөрсөн онд дөрвөн нислэг утааны улмаас саатсан
Монгол орны өвлийн улирлын аэросиноптикийн нөхцөл, болзошгүй үзэгдлүүд нисэхийн аюулгүй ажиллагаанд шууд нөлөөтэй байдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдол агаарын тээврийн компаниудад үлэмж хэмжээний биш ч эдийн засгийн тодорхой хохирол үзүүлж байгаа аж. 2016 онд нийт 6551 удаагийн олон улсын нислэгийн хөөрөлт, буулт гүйцэтгэсэн талаар Зам тээврийн хөгжлийн яам мэдээлсэн. "МИАТ"-ын хувьд 2016 онд дөрвөн нислэг утаанаас хамааралтайгаар саатсан гэж мэдээлсэн. Гурван удаа төлөвлөгөөт цагаас хоцорч буусан бол нэг удаа буулт хийж чадалгүй нөөц аэродром руу явжээ. Утаанаас хамааралтай эдгээр саатлын улмаас 9.5 тонн шатахуун илүү зарцуулсан байна. Гэхдээ энэ нөхцөл байдал сүүлийн 10 жилд өвлийн улирал бүр ажиглагдаж буй учраас авиакомпаниуд холбогдох зохицуулалт хийж, аль болох агаарын бохирдол бага цагуудыг сонгож нислэг үйлдэх болжээ. Долоо хоногийн өдөр бүр хөөрөлт, буулт хийж байгаа "Air China" компанийн хувьд 2010 оноос хойш буултын цагийг өдрийн 14.00 цагаас хойш болгосон талаар компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал мэдээлсэн юм.
Харин орон нутгийн чиглэлийн нислэгүүдийн 35 хувийг дангаар үйлдэж буй "Hunni Air" компанийн хувьд өнгөрсөн оноос цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Учир нь өмнө нь нислэгийн 20 хувь агаарын чанарын үзүүлэлтийн улмаас саатдаг байжээ. Нийт дүнгээр цаг агаар огцом хүйтэрсэн 10 дугаар сарын эхнээс нэгдүгээр сарын 3 хүртэл хугацаанд 779 нислэгт саатал үүссэний 79 нь агаарын саатал байжээ. Энэ нь нийт саатлын 10.14 хувийг эзэлж байгааг "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын Агаарын тээврийн тооцоо мэдээллийн алба мэдээллээ. Одоогоор Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани олон улсын чиглэлийн нийт нислэгийн 50 хувийг дангаараа үйлдэж байна. Харин "Air China" 21 хувь, "Korean Air" компани 12 хувийг гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн чиглэлийн агаарын тээврийн зах зээлийн 38 хувийг "Aеромонголиа", 35 хувийг "Hunni Air", 26 хувийг "МИАТ" компани үлдсэн нэг хувийг захиалгат нислэг эзэлж байна.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com