"Махимпекс" ХК-ийн 550.8 сая төгрөгийн хувьцааг арилжжээ
Шинэ долоо хоногийн арилжааны эхний өдөр МХБ-ээр 586.3 сая төгрөгийн арилжаа хийгдлээ. Үүний 93.9 хувийг биржийн I ангилалд бүртгэлтэй "Махимпекс" ХК-ийн (MMX:MO) хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Даваа гарагт 3 удаагийн хэлцлээр тус компанийн 227.5 мянган ширхэг хувьцааг 550.77 сая төгрөгөөр арилжсан байна. Өмнө нь "Махимпекс" ХК-ийн ийм олон тооны хувьцаа нэг өдрийн дотор арилжигдаж байгаагүй. Хувьцааны ханш 6.74 хувь буурснаар зах зээлийн үнэлгээ нь 9 тэрбум 197.7 сая төгрөг боллоо.
МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй "Багануур" ХК-ийн (BAN:MO) хувьцааны ханш өнөөдөр 5 хувь өсөж, өнөөдрийн арилжааг өсөлтийн хувь хэмжээгээр тэргүүллээ. Харин тус ангилалд бүртгэлтэй "Э-транс Ложистик" ХК-ийн (ETR:MO) хувьцааны ханш 11.89 хувь буурсан нь өнөөдрийн хамгийн гүн уналт болж байна.
Биржийн III ангилалд давхар бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN:MO) алтны агуулгатай шинэ бүс илрүүлснээ мэдээлээд байгаа. Өнөөдрийн арилжааны эхэнд хувьцааны ханш нь өсөж байсан ч арилжаа хаагдах үед энэ өсөлтөө хадгалж чадалгүй, 0.2 хувь суларлаа. МХБ-ийн "Top-20" индекс дахин 16,000 нэгжээс доошлоход тун ойрхон байна. Шинэ долоо хоногийн эхний арилжаагаар бараг 200 нэгж буурч, 16,004.4 нэгж боллоо.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com