МАТРАСЫН ЗАХИАЛГЫН ДИЙЛЭНХИЙГ ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРҮҮД БҮРДҮҮЛДЭГ

Монгол Улсад матрас үйлдвэрлэл эрхэлж байгаа хэд хэдэн үйлдвэр ажиллаж байна. Үүнээс зах зээлд эзлэх хувиараа "Мастер Матрас" компани тэргүүлж байгаа аж. Тус компанийн мэдээлснээр үйлдвэр өдөртөө 100 гаруй матрас үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэдийгээр түүхий эдээ бүгдийг импортоор хангаж байгаа ч үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг Монголдоо хийж гүйцэтгэж байгаа юм. "Мастер Матрас"-ын хувьд матрасын гол орц болох пүршийг хоёр төрлөөр үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогоор өөрсдийн үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа бол цаашид дотоодын бусад үйлдвэрүүдээ пүршээр хангах боломжтой талаар мэдээлсэн юм. Үүнээс гадна матрасын зөөлөвчийг Монголдоо үйлдвэрлэхээс гадна эцсийн бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах боломжтой талаар тус компаниас онцолжээ. Одоогоор захиалгын дийлэнхийг тавилгын үйлдвэрүүд болон хувь хэрэглэгчид бүрдүүлж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө уул уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байхад "Оюу Толгой" тэргүүтэй компаниуд захиалгын тодорхой хувийг бүрдүүлдэг байсан аж. Харин "Монь Матрас" компани пүршний автомат үйлдвэрээр захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн "Эвхдэг Матрас" компани аяны зориулалттай матраснаас жилд мянга гаруй ширхэгийг үйлдвэрлэж байгаа ажээ. Статистик мэдээллээс харахад Монгол Улс 2014 онд нийт 74.3 сая ам.долларын үнэ бүхий мебель болон түүний эд анги импортолсон байна. Энэ нь өмнөх жилээсээ 16 хувиар буурсан дүн болсон талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Нийтэлсэн огноо: 2015 оны 06 сарын 09

Бидэнтэй нэгдэх