Марк Закербергийн хөрөнгө 3.1 тэрбум ам.доллараар буурчээ
Банкуудын болон технологийн компаниудын хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт унасны улмаас “Технологийн салбарын хамгийн шилдэг гүйцэтгэх захирал”-аар шалгарч байсан “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 3.1 тэрбум ам.доллараар буурчээ. “Facebook”-ийн хувьд виртуал реалити орчин бүрдүүлэх Rift шилийг хөгжүүлж буй “Oculus” компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авна гэж мэдэгдснээс хойш хувьцааны ханш нь 11 хувиар суларсан байна. Блумбергийн тэрбумтнуудын индексийн дагуу Марк Закерберг нийт 27 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 22 дугаарт бичигдэж байна. Түүнчлэн ихэвчлэн технологийн компаниуд бүртгэлтэй байдаг Nasdaq 100 индекс өнгөрсөн долоо хоногт 2.2 хувиар унасан бол S&P 500 индекс 0.5 хувиар суларчээ. “Google” компани ирэх долоо хоногт саналын эрхгүй 330 сая ширхэг C ангиллын хувьцаа гаргахаар болсонтой зэрэгцээд үүсгэн байгуулагч Ларри Пэйж болон Сергей Брин нарын хөрөнгө нийт гурван тэрбум ам.доллараар буурсан ажээ. Харин АНУ-ын онлайн худалдааны хамгийн том компани Amazon.com клауд үйлчилгээний үнээ бууруулна гэж мэдэгдсэн ч хувьцааны ханш нь буурснаар гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө 1.9 тэрбум ам.доллараар суларсан байна.
Г.Ану
Холбоо барих: Anu.g@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com