Ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор шинээр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ
“Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн саналыг гэр хороолол, орон сууцны хороолол гэсэн хоёр төрлөөр авсан юм. Үүнээс хамгийн их санал буюу 170 байршилд хүүхдийн цэцэрлэг бариулах саналыг иргэд ирүүлжээ. Мөн аюулгүй байдал чиглэлд камержуулах, тохь тухтай байх чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайгаа цэцэрлэгжүүлэх, нийтийн үйлчилгээний чиглэлд автобусны буудал зогсоолуудыг оновчтой болгох шаардлагатай байгааг иргэд онцолсон байна. Эдгээрийг Улаанбаатар хотын төсвийн болон "Орон нутгийг хөгжүүлэх сан"-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ жилийн хувьд "Орон нутгийг хөгжүүлэх сан"-ийн хөрөнгө 13 тэрбумаар нэмэгдэж, 48 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна. Үүнийг дүүргүүдэд хуваарилж иргэдээс ирсэн камержуулах, тоглоомын талбайг тохижуулах зэрэг саналыг шийдвэрлэх ажээ. Иргэдийн санал, хэрэгцээ шаардлага, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үндэслэн ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор шинээр барих ажлыг эхлэхээр төлөвлөсөн байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Дэлхийн банкны дэмжлэгээр 17 цэцэрлэгийн ажил эхэлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулна. 80 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хувьд Улсын төсвөөс есөн сургууль шинээр барих хөрөнгийг шийдвэрлэж өгсөн байна. Ирэх оны нийслэлийн төсвийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар эцсийн байдлаар батлах юм.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com