Иргэд татварын мөнгөө юунд зарцуулахаа шийдсэнээрээ онцлог
Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын хуралдаанаар хэлэлцэн саналыг нэгтгэж байна. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ирэх оны төсвийн талаар мэдээлэхдээ "2013 оны төсөв Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт руу чиглэсэн байсан бол 2014 онд иргэд рүүгээ чиглэсэн бодлого баримталж ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал нийслэл анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 320 мянган айл өрхөөс ирэх оны төсөвт тусгах бүтээн байгуулалтын ажилд санал аваад байна. Хэлэлцүүлгийн дүнд иргэд өөрсдийн хороонд хамгийн түрүүнд юу хийлгэх шаардлагатай байгааг нэгтгэж, түүний дагуу боломжтой гэж үзсэн төслүүдийг төсөвтөө суулгажээ. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөв нийслэлийн иргэд өөрсдөө саналаа оруулсан, төлдөг татварын мөнгөө юунд зарцуулахаа шийдсэн, хяналт тавьсан ийм төсөв болж байгаагаараа онцлог" болохыг онцоллоо. Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь орлого багатай иргэд бөгөөд эдгээр хүмүүст ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тиймээс анх удаа 2014 онд төсвөөс бичил зээлийн төслийг бий болгож, 152 хорооны иргэдэд зориулан 15.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгажээ. Хэрэв төлөвлөснөөр батлагдвал тухайн хороонд төсөвлөсөн хөрөнгийг иргэд өөрсдөө хуваарилж, хяналт тавин зохицуулах, нийгэмд чиглэсэн ажил үйлчилгээ эрхэлж амьдралаа дээшлүүлэх боломжтой болох ажээ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх юм. Түүнчлэн нийслэл анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг бий болгоод байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан таван тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд нийслэл хотод шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлж, иргэдэд зээл олгох юм. Дээр дурдсан төсөл, арга хэмжээнүүд нийслэлийн ирэх оны төсвийн 10 хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд мөн халамжийн сангийн бүх хөрөнгийг нийслэл 100 хувь өөрөө гаргах ажээ. Энэ нь төсвийн 20 хувь буюу 83 тэрбум төгрөг болж байна. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 228 тэрбум төгрөг байсан бол энэ жил 202 тэрбум болж буурсан болохыг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com