Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх төслийг дэмжив
Ипотекийн зээлийг эргэж олгож эхлэх гол зохицуулалт болж байгаа Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд 90.9 хувийн саналаар дэмжээд байна. Зээлийн барьцаанд тавих хяналтын тогтолцооны гол зарчмыг Цэцийн шийдвэр үгүй хийсэн гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй, санхүүгийн үнэ цэнийг бууруулах нөхцөл бүрдээд байгааг зарим гишүүд онцоллоо. Өргөн барьсан хуулийн төслийн гол санаа нь Иргэний хуулийн 170 дугаар зүйлд " Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй" гэсэн агуулгатай хэсгийг нэмэх шаардлагатай гэж үзсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн тухайд Иргэний хууль болон 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийн хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх журам одоогоор үйлчилж байгаа. Энэ нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна гэж үзэж байна. Тиймээс газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа тухай хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан байгаа юм. Өмчлөгчийн асуудлыг хөндөөгүй, захиран зарцуулах асуудлыг хөндсөн гэдгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолж байв.
Үүнээс гадна Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Энэхүү хуулийн зорилго нь Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэхэд оршиж байна. Харин бүрдүүлэх эх үүсвэр нь хуулийн төсөлд зааснаар Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор Монголбнакнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр, хүүгийн орлого зэрэг бусад орлогын эх үүсвэр багтаж байна. Харин тус сангийн хөрөнгийн зарцуулалт талыг "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг ипотекийн зээлээр баталгаажсан хүүгийн орлогоос санхүүжүүлэх" зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Зээлийн урьдчилгаа төлбөрийг ийнхүү шийдэх зохицуулалт оруулж өгч байгаа нь эрэлтийг бодитоор дэмжих боломжтой гэж хууль боловсруулагчид харж байна.
О.Одгэрэл
Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com