Индонез улс Монгол Улсын иргэдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг судлахаар болжээ
Индонезийн тал Монгол Улсын иргэдэд виз олгох нөхцлөө хөнгөвчилж, Индонезийн хилийн боомтууд дээр шууд виз олгодог орнуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулах боломжийг судлахаар болсон байна. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ч хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар хэлэлцжээ. Энэ сарын 20, 21-ний өдөр Индонезийн нийслэл Жакарта хотод Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан болсон юм. Тус хуралдаанаар талууд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна. Тодруулбал хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах замаар худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж ярилцжээ. Монгол, Индонез хоёр улсын гадаад худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа аж. Тухайлбал 2012 онд гадаад худалдааны эргэлт нь 6.59 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол 2014 онд 23.6 сая ам.доллар болж, нэмэгдсэн байна. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Индонезээс цай, кофе, какао зэрэг бүтээгдэхүүнийг харилцан худалдаалах чиглэлд хоёр улсын яамд хооронд хамтран ажиллахаар тогтоод байгаа юм. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт мал эмнэлэг, хорио цээр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж, ирэх онд Монгол Улсад Хөдөө аж ахуйн хамтарсан бизнес форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ирэх 2016 онд Монгол, Индонез хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. Хамгийн сүүлд буюу 2012 онд Индонезийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байжээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com